Thursday, February 9, 2012

Хөлбөмбөг ба арьс өнгөөр ялгаварлах үзэл



Эрхэм хүндэт спорт сонирхогч   та бүхэндээ  хөлбөмбөгийн ертөнцөд түгшүүрийн харанга дэлдсэн,   арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар   цуврал нийтлэлүүдийг хүргэж байна.
Хөлбөмбөг бол бөмбөрцөг  дэлхий дээрхи хамгийн нэр хүндтэй спортын төрөл. Тийм болхоор  хар, шар, улаан арьстай хэн ч  бай  нас харгалзахгүйгээр  энэхүү гайхалтай тоглоомонд сэтгэл зүрхээ өгдөг. Энэ тоглоомыг тоглоход ёс заншил,  яс үндэс, угсаа гарал  огт хамаагүй.  Гэвч орчин үеийн хөлбөмбөгт зайлшгүй  анхаарал хандуулахаас аргагүй   асуудал  бол рассист үзэл буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал болоод байгаа юм. Энэ  нь  дэлхийн хөлбөмбөгт аюулын харанга болсоор  удаж байна.
Шуугиан дэгдээсэн хэрүүл маргаанууд урд өмнө олон улсын хөлбөмбөгийн тэмцээнүүдэд цөөнгүй тохиолдож байв. Жишээлбэл аваргуудын лигийн 2000 оны улирлын тоглолтонд Лацио Ромын Синиша Михайлович болон Арсеналийн Виера нарын хооронд болсон маргаан юм. Михайлович  “нигер новш” гэсэн бол Виера түүнийг  “ заваан цыган”  гэжээ. Виерагийн хэлсэнээр Михайлович түүнийг тоглолт эхлээд  дуусан дуустал доромжилсон гэнэ. Энэ явдал тухайн үедээ багагүй шуугиан дэгдээж байв.
Английн Премьер лигт өрнөж буй явдлууд  хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг   хамгийн их татдаг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.  Ямарваа нэг онцгой явдал болсон даруй  хэвлэлүүд түүнийг шүүрэн авч ,фэнүүд  хэдэн өдөр  ярианы сэдэв болгоно. Английн Хөлбөмбөгийн Холбоо  арьс өнгөөр ялгаварлах үзэл  гаргасан  Ливерпүүлийн довтлогч Луис Суаресийг найман тоглолтонд оролцох эрхийг хасаж, 40 000 фаундаар торгох шийдвэр гаргасан.Тодруулбал Суарес өнгөрөгч оны  аравдугаар сарын 15-нд Ливерпуль- Манчестер Юнайтедийн тоглолтонд Патрик Эвраг рассист үг  хэлээр  доромжилсон тул энэ шийтгэлийг оноосон байна. Яагаад Суаресд ийм хатуу шийтгэл оноов? Хатуудсан биш үү ?  гэж асуух хүн олон байв.  Харин  яагаад ?  Хариулт хайх гэж  оролдвол,   Суарестай холбоотой   асуудал нь хөлбөмбөгийн эмзэг сэдэв юм.  Яг энэ бол  хөлбөмбөгийн эрх мэдэлтнүүдийн толгойн өвчин болсоор ирсэн.  “Fairplay”  өнөөх  “No Raсism”  юуг уриалдаг гэж?  Хамгийн энгийнээр бол нэгийгээ хүндлэхийг  уриалж байгаа шүү дээ. Тийм ч учраас Эвраг доромжилсон  Суаресд хатуу шийтгэл  оноосон болов уу. Энэ  нь ногоон талбайд мөр зэрэгцсэн тоглож буй олон мянган хөлбөмбөгчид хоорондоо  арьс өнгөөр ялгаварлан , тэрсэлдэхийг  хэн ч зөвшөөрөхгүй гэсэн үг.  Тийм болхоор цаашид сануулга өгөх үүднээс хатуу шийдвэр гаргасан гэж ойлгож байна.  Хөлбөмбөгчдийн  хоорондын асуудлыг  ийм жишээгээр  зохицуулж болж байгаам.  Гэхдээ арьс өнгөөр ялгаварлах үзэл хөлбөмбөгийн талбайгаас аль хэдийн  хальсан  нь өмнөхөөс ч илүү тулгамдсан асуудал болсон. Ялангуяа Европын  клубуудын хөгжөөн дэмжигч  бүлэглэлүүд зохион байгуулалттайгаар   хуулинд харш үйлдэлүүдийг дураараа хийдэг.  Энэ бол арьс өнгөөр ялгаварлах үзлийн өөр хэлбэрүүд юм.
Хөгжөөн дэмжигч  гэдэг бол аливаа спортын  маш чухал  хэсэг.  Ялангуяа хөлбөмбөгт. Жинхэнэ хөлбөмбөмгийн хөгжөөн дэмжигч байна гэдэг маань ихээхэн утга учиртай. Гэхдээ  хөлбөмбөгийн фэнүүд  дотроо ялгаатай.  “Hooligans”  буюу манайхаар хулигаануудын бүлэглэлүүд  буюу  1960 аад оны үеэс  анх Англид  үүссэн байдаг. Тэд бол клубээ үхэн хатан дэмждэг хэдий ч хамгийн танхай бөгөөд бусадтай зодоон хийж, эмх замбраагүй байдал үүсгэдэг онцлогтой.  “Hooliganismus”  бүх   европ даяар тархсан. Хэдийгээр ихэнхи хулигаан бүлэглэлүүд өөрийн дүрэмтэй  ба тэр  бодлогоо баримталдаг  боловч 80 –аад оноос маш олон неонаци үзэлтэй гишүүд тэдний дунд шургалсанаар  үндсэн агуулага нь өөрчлөгдхөд хүрсэн гэж дүгнэдэг. Ялангуяа зүүн еврод  хэт баруунтны  үзэл ихээхэн  газар авсан байна. Улс төр , нийгмийн байдлаас ажиглахад аль ядуу буурай хэсэгт хэт үндсэрхэг үзэл илүү давамгайлж байдаг. Энэ  нь хуучин хоёр нийгэмд хуваагдмал байсан германы жишээнээс тод харагддаг. Германд хамгийн их неонаци үзлийг дэвэргэгчид хаана байдаг вэ гэвэл  хуучин соц нийгмийн хэсэгт бий. Үүнтэй мөн ялгаагүй зүүн европын орнуудад  нацист болон фашист үзлийг даган дуурайгсад олон. Хамгийн аюултай нь фашизм, нацизмийн гол утга санааг ойлгоогүй хэрнээ тэдний бэлэг тэмдэг, уриа лоозонг өөрийнх   мэт ойлгож муйхраар дагадаг нь гунигтай. Ер нь  нацист  үзэл бол арьс өнгөөр ялгаварлах үзлийн үндэс бөгөөд неонаци нь түүний үргэлжлэл юм. Тэд  аль нэг клуб болон  тодорхой тоглогчидод зориулж зохион байгуулалттайгаар антисэмит,  рассист үзэл илэрхийлсэн үг хэллэг , хориотой  тэмдэг,  туг,  далбаа,  баннеруудыг ашиглана. Харин  одоо  неонаци фанатууд   ямар бэлэг тэмдэг, логонуудыг ашигладаг талаар танилцуулья.
“Hakenkreuz”   буюу хас тэмдэг ,  Германы национальсоциализмийн болон NSDAP намын албан ёсны бэлэг тэмдэг. (1933-1945)
“Кeltisches kreuz” Кельтийн загалмай , европын неонацистуудын хамгийн  түгээмэл логоны нэг ба  “White Power “ хөдөлгөөн  “О” үсгийн оронд ашигладаг. Германд энэ тэмдэг дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн цэргүүдийн булшинд ихэвчлэн харагддаг юм.
“Totenkopf ”  Хохимой толгой, SS –ийн танкийн дивизийн бэлэг тэмдэг, өнөөдөр  “ Combat 18 “ неонаци байгууллагын лого болсон.
“Odalrune”- Одал Руне бол Hitler jugend буюу “Хитлерийн Хөвгүүд”  хөдөлгөөний бэлэг тэмдэг байсан. Гэхдээ энэ тэмдэг одоог хүртэл  Германы бундесверийн  мөрдөс дээр ашиглагдсаар байгаа. Неонацистуудын хамгийн хүчтэй бэлэгдлүүдийн нэг.
“Siegrune”- Рунын ялалтын бэлэгдэл , SS –ийн хос тэмдэг заримдаа S үсгийн оронд ашиглана.
Leibstandart SS Adolf Hitler – Анхны SS дивизийн бэлэг тэмдэг. Гэхдээ үүнийг тун ховор хэрэглэдэг.
Rutenbündel mit Beil-  Италийн  фашист дэглэм,  Муссолинигийн Фашист  намын бэлэг тэмдэг.
18 – Адольф Хитлерийн  нэрийн эхний  үсэгний  цагаан толгой дахь үсгийн дараалалын тоо. 
88- Цагаан толгойн H буюу наймдахь үсгийн тоо буюу  HH – Heil Hitler – хайль Хитлер мэндчилгээг илэрхийлдэг.
14-  Америкийн неонаци Дэвид Ланегийн хэлсэн  өгүүлбэрийн 14 үгийн тоо “We must secure the existence of our people and a future for white children ”
Эдгээр лого, тэмдэгүүдийг  ашиглах нь хориотой бөгөөд хэвлэн нийтлэхдээ заавал хориглосон тэмдэгтэй байдаг.

Одоо “Hooligans”- ийн эерэг талын баатрууд “Ultras”-ийн тухай товч танилцуулья.  Энэ бол 1960 –аад онд Италид анх бий болсон   хөгжөөн дэмжигчдийн хөдөлгөөн бөгөөд үүссэн цагаасаа европ болон дэлхий даяар өргөн  тархаж чадсан. Ультра бол аливаа багийн жинхэнэ  дэмжигчид юм. Ультра  нь жирийн хөгжөөн дэмжигчээс огт өөр байхыг шаарддаг. Тэд багаа  үргэлж даган явж,  бүх тоглолтын турш багаа дэмждэгээрээ бусдаас ялгаатай. Ультра группууд бол  фэн клубын зүрх юм.
Ихэнхи хулигаанууд клубынхээ идвэхтэй дэмжигчид  боловч  заримдаа тэд эмх замбраагүй байдлыг үүсгэдэг. Ультранууд харин хүч хэрэглэхийн эсрэг байдаг бөгөөд цагдаа болон өрсөлдөгч багийн ультра фэнүүдтэй зөвшилцөлд хүрэх арга хэмжээг авдаг.
Маш олон ультра группууд  рассисмийн эсрэг идвэхтэй тэмцдэг. Эдгээрээс хамгийн том нь  “FARE”   хэмээх хөдөлгөөн юм. Тэд анх 1997 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба  37 орны клубүүд болон холбоод,  хөлбөмбөгийн фэнүүдтэй хамтран рассисмийн эсрэг тэмцдэг. Мөн “UNITED for Intercultural Action” хэмээх байгууллага нь европын цагаачид, үндэстний цөөнхийн эрхийг  зохион байгуулалттай үндсэрхэг бүлэглэлүүдээс  хамгаалах зорилготой. Нийт 560 гаруй салбар нь  өдгөө европын орнуудад үйл ажиллагаагаа явуулж байна.
Үргэлжлэл бий
Бид дараагийн дугаарт спортод арьс өнгөөр ялгаварлах үзлийн жишээнүүд болон тамирчид, дасгалжуулагчид  үүний эсрэг хэрхэн тэмцдэг талаар нийтлэх болно.

 news.mn

No comments:

Post a Comment